3 жилийн өмнө
Дэлхийн Банкны Тогтвортой хөгжлийн Бүс нутгийн бүлгийн ажлын хэсэг нь Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилттэй танилцаж, цаашид Монгол Улсын Засгийн газрын Дэлхийн банктай хамтран ажиллах тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлох зорилгоор Монгол Улсад ажиллаж байгаа билээ.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Дэлхийн банкны Тогтвортой хөгжлийн Бүс нутгийн ажлын хэсгийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав. .
Энэхүү уулзалтаар ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг үргэлж дэмжин ажилладагт Дэлхийн банканд талархал илэрхийлж, яамны чиг үүрэг, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, тэр дундаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд гадаадын зээл, тусламжийн санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх хүсэлтэй төсөл, арга хэмжээний талаар танилцуулав.
Ажлын хэсгийн ахлагч Бенуа Бескү Дэлхийн банкны тогтвортой хөгжлийн салбарууд болох Хөдөө аж ахуйн болон хүнс, Нийгмийн тогтвортой байдал болон хүртээмж, Хотын хөгжил болон газар, Байгаль орчин, байгалийн баялаг, хөх эдийн засаг, мөн Усны асуудал гэсэн үндсэн 5 салбарын хөгжилд анхаарч ажилладаг тухай мэдээлэв. Тэрээр өнгөрсөн өдрүүдэд томилолтоор ажиллаж, холбогдох төрийн болон хувийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзсаны дүнд цаашид дээрх салбаруудын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хамтран эрүүл мэндийн тогтолцоо, аюулгүй хүнсний хангамж, хүнсний төрөлжүүлэлт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, цэвэр усны хангамж болон саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц, Улаанбаатар хот болон дагуул хотын хөгжил зэрэг чиглэлээр хамтран ажиллаж, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой тухай мэдэгдэв.
Талууд Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн талаар санал солилцож, үргэлжлүүлэн чиглэл тус бүрээр тусгайлан яриа хэлэлцээ хийхэд өнөөдрийн уулзалт чухал түлхэц болсонд санал нэгдэв.