ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Х.БАТЖАРГАЛ ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ УУР АМЬСГАЛЫН СТРАТЕГИ ХАРИУЦСАН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ


3 жилийн өмнө


Spg8DM1DSl1KZD5.png

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Уур амьсгалын стратеги хариуцсан багийн дарга Ноён Димитри Гвиндадзе тэргүүтэй төлөөлөгчидтэй 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр цахим уулзалт хийв.  

Уулзалтын үеэр Ноён Димитри Гвиндадзе тус банкнаас  урт хугацааны нүүрстөрөгчгүйжүүлэх стратеги боловсруулах чиглэлээр Монгол Улсад техникийн туслалцаа үзүүлэхээр судалгаа хийж буй талаар мэдээлэл өглөө. Мөн Монгол Улсад ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Эдийн засаг, хөгжлийн яам ямар чиг үүрэгтэй ажиллаж байгаа болон Монгол Улс өнгөрсөн хугацаанд ногоон эдийн засагт шилжих суурь судалгаа хийсэн эсэх, авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний талаар тодруулав.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тус яамны бүтэц, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон тус бодлогын эхний үе шатны үр дүнд хүрэхэд чиглэсэн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх дунд хугацааны “Хөгжлийн зорилтот хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ногоон хөгжлийн бодлогын асуудлыг хэрхэн тусгасан талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн тус яам нь “Тогтвортой хөгжлийн зорилго” болон “Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ын хоорондын уялдааг хангах, “Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-д тусгагдаагүй үлдсэн нэг чухал асуудал болох ногоон устөрөгчийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах чиглэлийг хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгахаар ажиллаж байгаа талаар мэдээлэв.

Талууд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх Монгол Улсын урт хугацааны нүүрстөрөгчгүйжүүлэх стратегийг боловсруулах техникийн туслалцааны хүрээнд цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцов.

XnAu5BMJqJ4NX1c.png