3 жилийн өмнө
Монгол Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Монгол дахь НҮБ-ын Удирдлагын багийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б. Жавхлан, НҮБ-ыг төлөөлж Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар гарын үсэг зурж, Монгол Улсыг хүртээмжтэй, гамшигт тэсвэртэй, тогтвортой хөгжил бүхий эрүүл, аюулгүй орчин, хууль дээдлэх ёс, хүний эрхийн харилцан шүтэлцээг хангасан улс болон хөгжихөд хувь нэмэр оруулан, хамтран ажиллахаа батламжлав.
Монгол Улсад НҮБ-аас ирэх таван жилд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон эл баримт бичгийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой нягт уялдуулсан бөгөөд стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг хүний хөгжил, сайн сайхан байдал, ногоон хүртээмжтэй, тогтвортой өсөлт, хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх гэж тодорхойлжээ.
Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй эдийн засаг, нийгэм, байгаль орчны хүчин зүйлсийг даван туулах хамтын үүрэг хариуцлагыг энэхүү баримт бичигт тодорхойлсныг онцолж, хэрэгжилтийг бүрэн хангахад НҮБ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтэд НҮБ-ын системийн 23 байгууллага оролцож, хувь нэмэр оруулахаа илэрхийлсэн байна.
НҮБ-ын системийн байгууллагууд Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг нарийвчлан боловсруулахдаа хүний эрхэд суурилан хөгжих, “хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүй байх” үндсэн зарчмуудад тулгуурласан энэхүү суурь баримт бичигт үндэслэх бөгөөд баримт бичигт туссан алсын хараа, зорилгуудыг хангахад чиглэсэн хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлж, хамтын үр дүнд хүрэхийг зорино.
НҮБ дэвшүүлсэн зорилтуудаа бүрэн хангахын тулд техникийн туслалцаа үзүүлэх, чадавх бэхжүүлэх, шинэлэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бодлогын зөвлөгөө өгөх, хөгжлийн санхүүжилтийн шинэлэг хэлбэрийг эрэлхийлэх, түншлэлийг өргөжүүлэх замаар оролцогч бүх талтай хамтран ажиллана.